Уран зурагт мөнхөрсөн хосЦ.Ядамжав
/МУБИС-ийн ахмад багш/ (2008-03-05)
Баян-Өлгий аймагт амьдарч байсан урианхайн хар хуурчид овгийн Будын Мажиг, эхнэр Р.Дэгдээмээ нар 1891 онд төрсөн чацуутан. Тэд 1912 онд гал голомтоо бадраан ханилж, 1913 онд ууган хүүхэд Хорлоог, 1938 онд отгон хүү Санжаагаа төрүүлжээ. Тэдний үр ач нь дэлгэрэн дэлгэрсээр 2008 он хүртэлх 85 жилд 612 хүн хорвоод мэндэлсний 540 нь одоо энх тунх сайхан амьдарч байна. Б.Мажиг, Р.Дэгдээмээ нар Монголын жирийн нэг малчин, дууч хуурч, 25 хүүхдийн эцэг эх төдийгүй уран зурагт хоёулаа мөнхөрсөн хосууд.
1955 оны хавар ардын зураач Б.Одон ид залуухан байхдаа Баян-Өлгий аймагт уран бүтээлийн томилолтоор очжээ. Зөндөө л зураг зурж гэнэ. Нэг сайхан хөрөг бүтээх санаатай аймгийн гэрэл зурагчин Даваажаваас сонин содон хүн олж өгөхийг хүсч дээ. Нутгийнхаа хүмүүсийг сайн таних Даваажав нэг өдөр хуучны Алтайн урианхайн Саруул гүний хошууны хар хуурчид овогт, нэртэй анчин, икэл, цоор хөгжим дажгүй тоглодог, ганган хээнцэр, 60 эргэм насны, цагаан сахал хочит Будын Мажиг гэдэг хүнийг дагуулж ирэв. Хөрөг зурахад санаанд нийцсэн, зураачдын хэлээр сайн натур тул ирээдүйн нэрт зураачийн онгод ч орж гэнэ. Тэгээд өвгөнийг үндэсний хувцастай нь аймгийн Гэрэл зургийн газрын умгар өрөөнд өдөржин суулгаж, хэмжээгээр багавтар боловч, сүрлэг намбалаг дүртэй, ухаалаг, уян дөлгөөн, нэг сайхан урианхай өвгөний хөргийг чадварлаг бүтээжээ. Б.Одон гуай хоёр ч удаа энэ зургаа үзэсгэлэнд тавьж, хэрхэн урласнаа хүүрнэн ярьдагсан. Б.Мажиг миний нагац ах тул хожим нь тэрхүү зургаа надад дурсгасан юм.
1946 онд зураач Б.Равсалын бүтээсэн “Дэгдээмээ ээжийн хөрөг”-ийг хуучны хүмүүс сайн мэднэ. Ранжилын Дэгдээмээ бол Б.Одон зураачийн хөргийг нь бүтээсэн Б.Мажигийн гэргий.
Маршал Х.Чойбалсан ардын хувьсгалын 25 жилийн ойгоор олон хүүхэд төрүүлж, өсгөн эхчүүдийг нийслэлд урьж, улсын наадам үзүүлэн, одон тэмдгээр мялааж, бэлэг дурсгал хүртээн, орон нутагт нь суудлын машинаар хүргэж өгч, төрийн их хүндэтгэл үзүүлжээ. Тэдгээр ээжээс хамгийн олон хүүхэдтэй нь Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумаас ирсэн ээж 27 хүүхэд төрүүлж өсгөсөн байжээ.
Удаах нь Р.Дэгдээмээ гуай 25 хүүхэдтэй. Ийм сайхан буянт ээжүүдийг урлагт мөнхжүүлэх, хөрөг дүрийг нь уран зурагт бүтээх үүрэг тэр үед цэргийн газарт зураач байсан Б.Равсалд ногдсон байна. Үндэстэн ястныхаа өвөрмөц хувцастай, Дэгдээмээ ээжийн дүр зураачийн нүдэнд илүү содон туссан тул хөргийг нь зурахаар шийджээ. Энэ бүтээл одоо галерейн алтан санд хадгалагдаж байна.
Б.Мажиг, Р.Дэгдээмээ нарын 25 хүүхдийн 13 нь одоо нас биед хүрч, гэр бүл болж, эцэг эхийнхээ удмыг дагасан, өнөр өтгөн айл болжээ. Тэдний ач, зээ, жич, гуч, ачинцар, зээнцэр зургаадах үе нь болоод байна. Саяхан Б.Мажигийн ач охин Хорлоогийн Гарьд зургаан үеийнхээ хүн бүрийн овог нэр, нас, хүйсийг ялган бичиж, угийн бичгээ бүтээсэн нь хэнд ч санаа авууштай болжээ. Б.Мажигийн охин М.Бинье, хүргэн Цээрэн нар одоо 80 гарсан настай бөгөөд тэдний хүү, охин, ач, зээ, жич, гуч, ачинцар, зээнцэр нийлээд 101-үүл болсон байна.
Удаах хүүхдүүд М.Хорлоо, М.Балсан, М.Сонгино, М.Хүж нарын үр хүүхдүүд 81-99, бусад найман хүүхдийн нь үрс дөрвөөс 41 хүн болж, өнөржсөн байна.
Б.Мажиг Р.Дэгдээмээ гуай нар эд малаар баян биш ч үр хүүхдээр өнөр тул жаргаж амьдарсан улс. Олон хүүхэд өсгөх бэрх ч том нь багаа харж асардаг монгол заншил их нөлөөлжээ. Тэд хаваржаандаа буунгуут гэр барихын зуур хүүхдүүдийнхээ бяр чадалд тохирсон араг, шээзгий үүрүүлж, уут сав бариулаад орчны бүх аргал, хоргол, шарилж, шавгийг үхэр мал гишгэж бяцлахаас өмнө түүлгэж түлшээ бэлтгээд авдаг байжээ. Нөгөө талаар шинэ бууриа, байгаль орчноо ч дор нь цэвэрлээд авдаг байсан гэнэ. Хүүхэд бүр өөрийн гэсэн модон тагш аягатай. Тэр аягаар хэн нь ууж идсэнийг хянадаг.
Хэрэв хэн нэг нь ирээгүй бол аягатай хоол нь үлддэг. Түүнээс хэн ч гоочлох ёсгүй. Бүр багаас нь ийм дэгтэй, хөдөлмөрч өсгөсөн тул том болоод тэр л зангаараа ажилсаг, журамт иргэд болжээ. Б.Мажиг, Р.Дэгдээмээ гуай нар олон хүүхдэдээ түүртэж, хормойгоо гишгэсэн улс байсангүй.
Харин ч бүр наргианч наадамч, хоёулаа икэл хөгжим тоглодог, найрын дууч, ардын авьяастан байсан болохоор гэр дүүрэн хөгжөөн цэнгэлд үр хүүхдээ өсгөжээ. Одоо олонд алдаршсан, өдөр бүр цэнхэр дэлгэцээр олныг баясган дуулдаг дуучин Ж.Алтанцэцэг Б.Мажиг гуайн төрсөн охин М.Хүжийн ач охин бөгөөд удмынхаа дууч хуурч авьяасыг өвлөн авчээ.
Б.Мажиг гуайн удмынхан 1995 онд ургийн баяр хийхэд 250 гаруй хүн оролцсон гэдэг. Ингэж л ураг удмаа бүртгэн мэдэж, алдар цуутныхаа үүх түүхээр бахархаж, шинэ түүхээ бичиж цэгцлэн, уулзаж учирч, үрийн баяр хийж байвал удмын цус цэвэр, улс орны хүн амын тоо бүртгэл ч тодорхой болж, ураг төрлийн хэлхээ холбоо бэхжихэд тустай. Хүн амынхаа талаар төрийн ой тогтоомжоос илүүтэй төрлийн ой тогтоомжийн дархлааг эхлээд бий болгох цаг болжээ.
Saturday, April 25, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment